Thursday, November 5, 2009

Оросын хусыг сонсоод бичлээ хммм...

Удахгүй явна гэж бодхоор зүрхийн минь нэг зүү хатгаад авах шиг л санагдах юм. Чамгүйгээр би хэр удаан байж чадах бол. Зорьсондоо хүртлээ тэснэ л дээ. Гэхдээ энэ амьдрал надад үргэлж л сонголт тулгана. Дараа надад ирэхгүй байх энэ боломжийг алдахгүйн тулд хайртыгаа орхиод явах болохнээ би чинь. Хардах харамын сэтгэл төрнө. Дотор аймаар өвдөж байна. Хэн нэгэн бүсгүй хайртыг минь надаас авчих вий.
Ингээд яваад өгсөн шигээ нэг өдөр эргээд иртэл тэр минь уучлаарай гээд нэг тиймэрхүү юм хэлэх вий дээ гэж айж байна. Яагаад бүх юм ийм байдаг юм бол доо гэж. Хайр дахиад ирдэг гэдэг ч надад өөр шинэ хайр биш яг одоо байгаа энэ хайр минь хайрт минь хэрэгтэй байна. Цаг хугацаа оронд зайнд үл мартагдах үл унтрах хайр сэтгэл гэж байдаг болов уу. Туршиж үзэх нь дээ энэ удаад / гунигтайгаар мушилзав / .
Би хавар буцаж ирнээ. Анх чамтайгаа уулзаж байсан тэр хаврын дулаахан орой гэнэтхэн чамдаа хүрээд ирнэ. Яг тэр үед надад юу бодогдохыг би хэлж мэдэхгүй ч чамайг харах гэж ихээр догдлон яарна гэдгээ л хэлж чадах байна. Гэрийн чинь хаалгыг тогшин зогсохдоо хурдлаасай хурдан хаалгаа нээгээч хайрт минь гэж сэтгэлдээ адгана. Хаалга нээгдэн намайг хараад гайхсандаа хөшөх чинийхээ хүзүүгээр тас тэврээд уйлна.
Хэсэгтээ гэрэвшин хийх байхаа олж ядан хоёулаа миегнэлдээд дараа нь өөд өөдөөсөө харан хэсэг чимээгүй сууна.Тэгсэнээ бие биен рүүгээ ухас хийн тэврэлдээд дахиад л уйлна хэхэ. Би яагаад ингэж урьдчилаад бичээд байгаагаа ч ойлгохгүйм. Яагаад вээ гэвэл би энэ бүгдэд итгэж найдахыг хүсэж байна. Итгэл найдвараа алдахыг хүсэхгүй байна.

Wednesday, November 4, 2009

Хорогдох сэтгэл

Сэтгэл гээч минь хөөрхий аймаар дэнсэлж байна даа. Аль эрт л шийдвэрээ гаргаад явна гэж бодож байсан ч яг цаг нь тулаад ирхээр хачин болж байна шүү. Хоргодоод байна.
Гадаа гудамжинд шороо манаргаад алхаж байхад хажуугаар өнгөрсөн үл таних хүнд ч, хаа хамаагүй тэр нэг өнгө муутай саарал байшинд ч, хацар исгэн тасхийх хүйтэн жаварт ч, хамар сэтлэм сэнгэнэх гашуун угаарт ч хоргодоод байна.

Өөрийн зассан өчүүхэн үүрэндээ зурагт үзэн хоолоо хийнгээ ярилцдаг хошигнолдоо ч, өглөө сэрээдэг барилгын машины чимээнд ч, үгээ хэлэн арчиж цэвэрлэдэг тоос шороондоо ч хорогдоод байна. Нэгийг авахын төлөө нөгөөг золиослох амьдралаа гэж. Нэг өдөр яваад дараа нэгэн өдөр ирнэ.
Гэвч...
Цаг хугацаа намайг хүлээхгүй. Энэ бодол дотроос минь идэж шаналгаж байна намайг. Гаргасан шийдвэрийнхээ зөв эсэхийг би хэлж мэдэхгүй ч гарцаагүй үүнийг хийхгүй бол амьдрал минь утгагүй болчих шиг. Ямар хүсэж байсан билээ дээ би үүнийг. Тэгтэл одоо хорогдох сэтгэл зүрхэн дээр минь хохь чинь , хохь чинь гээд бүжиглээд байх шиг.

Ялих шалихгүй зүйлээр шалтаглаад явахаа болимоор ч юм шиг. Яалтай билээ энэ хоргодох сэтгэлийг. Чамайг багтаах зай миний биед алга гээд хорогдох сэтгэлийг чанга хашгиран үлдэн хөөгөөд цаашдын амьдралаа шив шинээр эхлэх л хэрэгтэй.

Wednesday, October 21, 2009

Дампуурцан банкинд ажилладаг сүнс


Би уул нь өөрийгөө амьд, амьдраад байна гэж боддог байлаа. Тэгсэн ойрд телевизээр мэдээ үзээд амьд эсэхдээ эргэлздэг боллоо. Яагаад вэ гэвэл би уул нь нэгэн хувийн арилжааны банкинд нягтлан бодоод суудаг ажил хийдэг юм. Гэтэл одоо зурагт үзэхнээ миний ажлын газрыг дампуурцаан, дампуурцан банк л гээд байхын.
Тэгсэн би чинь одоо цалин авдын шд. Дампуурцан банк надад цалин олгоод би өглөө очоод орой тартлаа юу хийдэг болж тааржийнаа. Блог бичхийн хувьд бол бичдэгээ бичдэг. Гэхдээ ажлаа хийгээл байгаа шдээ. Амны бэлгээс ашидын бэлэг гэдэг хөөрхий дөө. Гудамжаар лааз өшиглөхөө хүлээсээр одоо жил болжийно. Гахсан дээр нь чичив гэдэг шиг газар доогуур ортолоо муулуулаад дөжрөөд байх шиг.
Үндэснийхээ ганц муу арилжааны банкыг нүд аниулаад тэгээд гадгаадын хөрөнгө оруулалтай банкуудад мөнгөө хадгалуулаад гадны юм найдвартай гээл гэвтээл байж дээ. Манайхан муу идэмхий уумхай, залхуу бэртэгчин за өөр чинь ямар муу үгс байдаг билээ бүгдийг нь шавхаад муулий бүгдээрээ. Тэгээд банк дампуурахтай зэрэгцээд хямрал гүнзгийрээд сайхан даа сайхан харинчиг.
Хүмүүс надаас асуудын чи одоо наанаа юугаа хийгээд суугаад байгаан гээд. Ажилаа л хийгээд суужийна гэж бодоод байсан гүй юм байна. Гэхдээ үхцэн гэж яриулуул мөнхөрдийн гэсэн. Гай болоод гадны хөрөнгө оруулалт орж ирээд дампуурцан гээдайсан банк сэргэж мэргэж дампуурал хүсэгсэдэд лай болох вий дээ.
Аа гэхдээ мэдэхгүйм. Харжийл байя. Яг одоогоор бол би чинь сүнс болцын байна. Банк маань ч аль 2008.12.10-с байхгүй болцын байна. Үхээд сүнс минь ажлын байран дээрээ хорогдсон юм байна л даа гэж. Сайн төрөл олж төрөөд хойд насандаа дампуурдаггүй банкинд ажиллах болтугай. Ум ма ни бад ми хум.

Tuesday, October 6, 2009

Xундага улааxан дарс минь

Xундага улааxан дарс минь
Мартуулаад өгөөч нойрсуулаx эм шиг
Нүдээ аниад л нам унтаж сайxан зүүд зүүдлэнэ
Нүдээ нээxэд би ганцаараа болсон шиг л
Орчлон xорвоог би даxин мэдэрч
Огт болоогүйд санаа зовсон юм шиг
Xундага улааxан дарс минь
Сануулаад өгөөч сайxан дурсамжуудыг минь
Гунигтай гэж xэнч намайг мэдxээргүй
Гучтай гэж бүүр ч бодогдxооргүй
Xөгжил xөөртэй инээд надад төрүүлж
Xөлчүүxэн ч гэсэн өөрт минь бардам байлгаач
Xундага улааxан дарс минь
Уулгүй татгалзсан дарс болгоны өмнөөс
Уxааныг минь баларттал согтоогооч

Monday, October 5, 2009

Now

Аалзны шүлс салбайн унжина таазнаас
Аравгар эзэн нь даанч алга хаачсийн бүү мэд
Арчаад хаях уу хөөрхийгийн энэ хөдөлмөрийг
Арзайж харагдаад сэтгэл үймрүүлээд байх чинь
Базаж урж хаясан баахан цаасан дунд би хөвнө
Бодоод шийдэж чадаагүй асуудлууд хогын савнаас халиж сагаад л
Битүүхэн нууцлагхан дулаахан өрөө минь намайг тойрч
Бичлээ гээд багасахгүй гомдол дотроос хэмлээл
Одоо гэдэг үгийн биелэл цаг 16:11 болж байна
Орчлонгоос тасраах сайхан хөгжим л надад хэрэгтэй ....
Дотор суучаад хумсаа хурцлах гайт чөтгөр
Доогтойхон мушилзан амьдралыг минь дүгнэнэ
Тархи задрахад нэг л хүний амьдрал дуусна
Сэтгэл задрахад архи ууж салам агсан тавина
Уугаад асуудал шийдэгдэхгүй гэж
Үргэлж бусдад миний зөвлөдөг
Утгагүй үгийг найз минь надад сануулан хэлж билээ
Уусан яадгын олон өдөр ангаж цангасан мэт
Уйтгарласан яадгын залуудаа хаягдсан мэт
Яг одоо гэхдээ амьдрал таг гацчихаад байна
Яасан ч яахав, яахчгүй байсан ч яахав
Ялгаа алга балай юм                                               2009.10.05  Гэртээ

Sunday, August 30, 2009

Hello

Нэгэн гунигтай дуу би сонсоно. Намар надад бөөн бөөн бодол бас гуниг авчирчиж. Хэн нэгнийг үгүйлэн санаад байх шиг. Хэдэн муусайн найзуудаа санаж байна. Холын холд байгаа гэж бодхоор бүүр их санаж байна. Хамтдаа хөтлөлцөөд гүйж байсан гудамж, арай томхон болчоод уулзан суудаг байсан цайны газарын хажуугаар өнгөрөх бүрдээ би санаа алдан та нарыгаа санаж байна. Нэг л өдөр бүгд хэдэн тийшээ тараад явчихсан.
Одоо харин би ганцаараа үлдээд та нарыгаа дурсан санан суух юм даа энд.
Өөрт байгаа бүхнээ та нартайгаа хуваалцахгүй бол байж чаддаггүй байж билээ. Баяр гуниг аль бүгдийг минь хуваалцан, амьдралын хамгийн хатуу хүнд бэрхийг даван туулахад түшиг тулгуур минь болсон найзууд минь. Нэгэн өдөр хаалгыг минь тогшоод инээлдсээр гэрт минь орж ирэх байх гэж би хүлээсээр л сууна. Он цагын эргэлт биднийг нэг холдуулж нэг ойртуулна.
Айж эмээх зүйлгүй гэнэн зоригоороо их олон зүйлийг бид хамтдаа хийдэг байж билээ. Анхны үерхэл , анхны үнсэлт, анхны шөнийн тухай ам нээж та нартаа л итгэж ярьдаг байж билээ. Одоо гэтэл гуниг зовлонгоо сэтгэлдээ шингээгээд дотогшоо уйлдаг нэгэн болжээ. Алсаас утасны дуудлага ирэхэд амар мэндээ мэдэлцээд нөгөө л жижүүрийн хэдэн үгээ хэлээд сэтгэл дэхь гунигаа нуусаар өнгөрнө.
Биес холдуул сэтгэл холдоно гэдэг үгийг одоо л ойлгох шиг. Зүү орох зайгүй хэдэн найзууд хэлхэлдээл, уулзалгүй нэг өдөр өнгөрвөл дотор давчдан та нарыгаа санадаг байсансан. Нартай сайхан нэгэн өдөр та нарыгаа ирхээр найз нь хүлээж бас санаж байсанаа хэлээд уйлж магадгүй ээ. Эсвэл хөшүүн зан гаргаж хөхөрч инээлгүй чимээгүй сууж ч магад. Ойлгоорой. Цаг хугацаа өнгөрч царай зүс нь өөрчлөгдсөн ч цаад сэтгэл нь хүүхэд зангаа гээгээгүй багын хэвээрээ л байгаа шүү та хэдийгээ хүлээн сууж байгаа шүү гэдгийг минь битгий мартаарай.

Tuesday, August 25, 2009

Уучил үр минь

Би чам дээрээ очихоор алхална. Байрны гадаах савлуур дээр ганцаараа чи минь сууж байлаа. Чиний цөхөрсөн харц, гунигтай байдлыг харахад хамаг итгэл найдвараа алдсан мэт. Одоо чи минь дөнгөж зургаахан настай шүү дээ. Би өөрийгөө ийм алдаа гаргасандаа хэзээ ч уучлаж чадахгүй нь. Намайг ирж буйг олж харан чи минь гүйн ирж тэврүүлэн үнсүүлээд гараас минь хөтлөн алхангаа олон зүйлийг шулганан ярьж эхлэдэг. Энэ үед чамайгаа орхисондоо өөрийгөө маш ихээр үзэн яддаг.
Тэр нэг өвлийн үдэш өвдсөндөө болон солиорох шахан, үсэрч босоод гүймээр байсанч үр минь гэмтчих байх гэж бодон шүдээ зуун эмнэлэгийн орон дээр дусал залгаастай хэвтэж байсан саяхан мэт. Түрхэн зуур өвдөлт намдахад цантаж цайрсан цонх руу хартал хэдийнээ харанхуй болчиж. Эмч байн байн ирж үзэх боловч болоогүй байна л гэнэ. Тэр үед ээжийгээ ямар агуу хүн байсаныг хагас хугасхан ойлгож мэдэрч байжээ.
Үхэхэд, төрөхөд мэдрэх мэдрэмж үнэндээ адилхан байх гэж надад бодогдсон. "Хүү гарлаа" гэх эмчийн дуугаар сэхээ орон амьсгал авч нүдээ нээхэд нэг жижигхээн улаан хүн арвалзан харагдаж часхийтэл уйлах нь сонсогдоно. Надад тэр үед "Ээжээ, ээж минь" дээ гэхээс өөр юу ч үл бодогдоно.
Үр минь өдөр өдрөөр өнгө зүс нь өөрчлөгдөн, өсөн торнисоор нэгэн өдөр ээжээ гэж дуудахад нь баярласандаа энгэртээ чамайгаа чанга тэврэн үнсээд дахин дахин ээжээ гэж хэлүүлээл . Шөнө дунд хөнжилөө тийрэн яргалахад чинь би сэрэн хучлагыг чинь засаад шанаагаа тулан хулжсан нойроо иртэл чамайгаа ширтэн хардаг байсан. Унтах нойроноо үнэгчлэн инээхэд чинь тийм гэж хэлэхийн аргагүй их хайр сэтгэлд минь лугшин булигладаг байсаан.
Байсаан байсан л гэж бичхээс өөр арга надад алга даа. Хүйтэн сэтгэлтэй богино ухаантай ээж чинь амьдралын нугачаанд бүдэрч шантрахдаа чамайгаа зүгээр л орхиод явчихсан. Амралтын хоёрхон өдрийг хамтдаа хүүтэйгээ өнгөрүүлдэг ээж хмм. Чамтайгаа хамтдаа байхдаа сайхан байлгах гэж хичээсэн өдрүүд, өөрийгөө зүхэн нүдээ хавдтал уйлан хоносон шөнүүд бас байсаан.
Хүргэж өгөөд хаалгаар гарах тэр үед гүйж ирж хөлнөөс минь зууран явуулахгүй гэж уйлагнан зуурхад чинь эцэгт чинь тэврүүлэн үлдээж байсаан чамайгаа. Өөрийнхөө гаргаж байгаа хүйтэн хатуу байдлаа үзэн ядаж сэтгэлдээ шаналан чимээгүйхэн уйлдаг байсаан.Тэр үед би залуухан бас ядруухан байж дээ. Хэнээс асуухаа ч мэдэхгүй ганцаардан шаналсан ч бүгдийг эхнээс нь эхлэх, чамайгаа орхин явах тэнэг зоригтой байж.
Одоо чи минь жижигхэж хэрнээ хэрсүүхэн бодолтой хүн болчиж. Надаас яагаад хамт байж болохгүй гэж, яагаад яагаад гэж асуухаа байж.
Хамтдаа байх хугацаандаа надад санаа тавьж халамжлах гэдэг болж. Аль болох надад сайхан байлгаж хамт байх хугацаагаа болж өгвөл уртасгах гэж хичээхийг чинь хараад харамсал гэмшилдээ дотор бачууран өөрийгөө зүхнэм. Тэнэг зоригтой байхдаа бардамханаар эцэгт чинь амласан амлалт, хэлсэн хэдэн үгс одоо намайг чамайгаа авахад надад садаа болж байна.
Үр минь намайг уучлахгүй байсан ч яахав дээ. Хийсэн муу үйлийнхээ гэмийг наминчилж чинийхээ ирээдүйн сайн сайхны төлөө бүхнээ зориулан амьдрах л үлдэж. Би хүчтэй бас ухаантай байх ёстой. Муу байвал хүү минь зовно. Ээж нь уучлал гуйн бичсэн энэ бичлгээ 25 нас хүрэхэд чинь чамдаа илгээх болноо. Надаас тасран унасан тэр мөчөөсөө эхлэн надад ухаарал хайрласан үр минь ээжийгээ уучил. 2009.08.25

Wednesday, August 19, 2009

Намар

Намрын хүйтэн бороо олон өдөр зүсэрлээ. Шаргалхан навчсаа гөвж байгаа модод нэгийг өгүүлж дуусаад гуниглан тэргүүнээ гудайлган суудаг аавыг минь санагдуулна. Жил жилийн намарт би дуртай. Дулаахан зун дуусашгүй биш шүү гэдгийг намрын анхны хяруу надад сануулдаг. Хавар ирэхэд би зуныг хүсдэг. Намар ирэхэд харин би өвлийг хүснэм.

Өнгөөр өнгөөр алаглах үнэр анхилуун цэцэгсээр өөрийгөө чимэглэж байсан үзэсгэлэнт бүсгүй гоёлоо тайлан энгүүн болох шиг намараа гэж. Эргэх дөрвөн улиралд ирж буцаж байдаг хайрын түүхийг намар ч бас хамт бичилцэнэ. Оройн сэрүүнд халуун гараа атгалцан жиндээх салхийг чинь үл ажиран хосууд гудамжаар алхална. Ганцаардан гунигласан нэг нь чиний нам жим, налгарт автан өнгөрсөнийг эргэцүүлэн бодлогширно.

Уулсын оройд хөшиглөх цэнхэр мананг хархаар сэтгэл гэгэлзэн шүлэг хэлхмээр . Хотын гудамжинд хүмүүс цаанаа л нэг яаруухан алхацгаана. Өвөл удахгүй ирнэ гэсэн чиний дохиог бүгд авцгаан түүнд бэлтгэж эхэлдэг нөр их ажлын улиралаа. Боловсорч гүйцсэн жимсний чихэрлэг амт аманд амтагдаж, үр тариа,ургац хураалт гэсэн үгс чих дэлсэнэ. Зунжин борви бохисгүйлгүй хөлсөө урсагсаны үр шимийг хүмүүст харамгүй өгдөг чи баян, өгөөмөр улирлаа.

Голын ус зайрмагтан өглөө үдшийн чинь жавар хацрыг хайрч эхэллээ. Гуравхан сар дэндүү хурдан өнгөрөх юм даа. Чи чимээгүй ирсэн шигээ анхны цаснаар чимээгүй яваад өгнө.

Зун

Инээд хөөр , амралт аялал. Өглөөний наранд өвсний шүүдэр хатхаас өмнө босч хөл нүцгэн тал дундуур алхангаа өнгөлөг сайханд чинь нүдээ хужирлана. Горхины шоржигнон урсах чимээг сонсон өвсөн хивсэн дээр чинь тэрийгээд амандаа дуу аяланхан хөх тэнгэрийг ширтэн хэвтээд л баймаар. Ааруул тарагханаар ходоодоо дүүргээд шилбүүр барин хурга тугал эргүүлэн гүймээрч юм шиг хэхэ

Бөгчим хотоос зугтан голын эрэг дээр майханаа шовойлгочоод хүйтэн шар айраг шимээд сэр сэр үлээх өвсний үнэрт салхинд мансууран хурц наранд шарагдан тас хар болтлоо усанд тонгочмоор. Үдэш нь түүдэг тойрон суугаад хөгжилдөн дуулалдмаар ай сайхан зун минь.

Зуслангын цэнгэг агаарт нам цохиулаад байшингын сүүдэр даган гудсаа чирээд өдөржин шөнөжин маанагтатлаа унтаал баймаар. Санаа нийлсэн хэдэн нөхөдтэйгээ үүргэвчээ үүрээд тэртээ холын уулс, тэрний цаадах нуур бас хөдөө талаар аялахаар гэнэт гараад явчмаар. Нозоором халуунаас чинь зугтан ойд орж суугаад шоргоолжний үүрийг ажиглаад энд тэнд модоор хатган дүрсгүйтмээр.

Үер болохгүй л бол өдөржин шөнөжин ширүүн бороо цутгасан ч яахав дээ. Өглөө сэрээд чийглэг агаарыг цээж дүүрэн амьсгалангаа үзэн яддаг ч эрвээхэй шавьжнууд нисэлдэхэд би баярладагаа. Харшил өгдөг хамба шарилж ургадгүй байсан бол хамгаас сайхан улирал гэж чамайг нэрлэх л байлаа.

Шив шинэхэнээр

Бүхийл зүйлс цагын эрхэнд хуучирч элэгдэн үеэ өнгөрөөдөг. Өнөөдөр сайхан санагдсан зүйлс маргааш нь утгагүй инээдтэй санагдах үе ч байхын. Бүдэрч унаад өвдсөндөө өөрөө өөртөө уурлан бухимдаж байсанаа гэнэт мэдрээд инээд асар их хүрч ганцаараа инээхүйд хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс гайхан харан хоцорно ард минь.

Бодлоосоо зугтан амь дүйж амьдарсанаа жаргал хэмээн эндүүрхүй дор амьдрал минь үнэгүйдэж сэтгэл хоосрон гунигладаг. Бусдын мөрөөдөлийг мэдрэн атаархаж өөрийнхөө мөрөөдлийг өчүүхэн хэмээн чамлаж өнгөрсөнтэйгээ зууралдах гутамшиг. Өнгөрсөн бүхэн өнгөрсөндөө л үлдэг.

Гэрэл гээгээ рүү тэмүүлэн урагш ахлах бүрт цэцэглэн ургах мод шиг амьдрал минь дэлгэрэн би нисэн дүүлэх мэт болж сэтгэл болон биеэр минь баяр хөөр, итгэл найдварын илч халгин цалгина. Өөрчлөх өөрчлөлт хийх ийм амархан гэж үү.

Итгэмээргүй юм. Гэхдээ итгэ найд. Түүнийхээ төлөө зүтгэ хичээ.
Дэлхий эргэдгээрээ эргэсээр л. Амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ. Харин би мөрөөдөлдөө хүрхээр өөрийгөө өөрчлөж байна. Шил арчигчаа сайн ажилуулаад бүгдийг шив шинэхэнээр.

Saturday, May 30, 2009

Нэг хоёрын ялгаа юу байна айн.

2009 оны 05-р сарын 30, Нийтэлсэн barbie
Энэ бичлэгээ ганц бие байгаад хоёулаа болсон найзуудынхаа гэгээн дурсамжид нь зориулав хаха

Эрх чөлөө-Ганц биечүүдийн хамгийн сайхан зүйл. Юу ч хийсэн хэнээс ч үл хамаарна. Хөлөөрөө толгой хийж, чихээрээ архи ууссан ч хамаагүй. Энд тэнд шоу цэнгээнээр тасралтгүй хэсэн тэнүүчилж бие нь дийлэхээ болиод сүүлийн ганц зоосоо дуустал пааридана. Болсон болоогүй баахан хүмүүстэй танилцана. Бэлгэвч энэ тэрийг хэнээс ч айлгүй бүх хувцасны халаас цүнхэндээ тараан байршуулна. Гэртээ шөнийн хэдэн цагт ч хамаагүй мөлхөөд эсүүл хүнд үүрүүлээд гүй ээ бүр өрөөндөө хүн дагуулаад орсон ч хамаагүй.

Хэнэггүйтэл-Хэн нэгэнд таалагдах, сэтгэлийг нь татаж байх гэж хичээдгүй учраас амьдралын идэвхи нь буурч гахай мэт идэх уухад дурлан унтах нойр арвинтаж, ажил болон санхүүгийн асуудлаас бусад зүйлд бол хайнга хандана шт хэхэ. Нүүрээ будалгүй нүдний шилээ хамар дээрээ тохчихоод юу ч хамаагүй биендээ углаад тавчиг шахчаад дэлгүүр нтр хэсээл.
Аа гэхдээ эсрэгээрээ байж ч болхын. Хоёулаа болохыг хүсэж байгаа ганц биечүүд бол аймаар идэвхтэй байнгын бэлэн байдалд дэл сул юм юу байна гээд сонор соргог байх байх л даа. Мөн үү.

Ганцаардал-Ядаргаатай асуудал. Баяр ёслол эсүүл найзууд цөм 2-роо болоод олдохоо болиод ирхийн үед гиюүрээл юу хийхээ ч ойлгохгүй ганцаардана даа харинчиг. Сэтгэлээ онгойтол эсрэг хүйсний хэн ч байсан хамаагүй чалчмаар үе бас гарна. Хосуудын баяраар эсвэл төрсөн өдрөөрөө хайртдаа баяр хүргэе гэдэг мэссээж ч байхгүйд гонсойно.

Эгдүүцэл-Хоёулаа хөтлөлцөөд алхаж байгаа, цэцэрлэгт тэврэлдэн зогсох хосуудыг харж атаархана. Найз залуугаа /эсвэл бүсгүйгээ/ уулзах болгонд магтан дуулаад байгаа хүнийг амаа тат гээд хэлчихиймсан гэсэн бүдүүлэг бодол толгойд орж ирнэ. Аав ээж, ах эгч, хамаатан садангууд нас чинь талийлаа нөхөр сүүдэр, үр ач хаана байна гэж үглэхээр ваннтай усанд үйгээд үхчмээр ядаргаатай санагдана. Бүүр нэг тэвчээр алдтал үглүүл уурандаа энэ чинь миний л амьдрал зао гэж хэлчээд хэдэн өдөр дуугаа хурааж айлгана ха ха.

Сээгс-Ховрын юм шүү дээ. Над мэтийн тохиолдлын зүйлд дургүй хүмүүс бол бүүр хатаад борц болно ккк. Гэнэт гэнэт асар дутагдалд орж шөнөжин нойтон зүүд зүүдлээд гэцүүч юм шиг. Ингэж удаан сээгсгүй байсаны үр дүнд биеэ маш сайн барьж сурдаг нь тодорхой. Сээгсийг үзэх үзэл урт хугацааны туршид бясалгагдсаар нэг бол лайтай сээгсчин эсүүл залхуу муужгай болдог байх гэж би лав ойлгосоон кккккк.

Өөрийгөө танин мэдэх-Нэгээрээ хүн чинь ер нь бол бодоод суух зав зай ихтэйдүү, сэтгэлд хоосон талбай их, ханхайгаал байжийдгымүү. Өөрөөсөө өөр сонирхох бодох зүйл бараг байхгүй учраас би чинь хэнийн бээ, юу хүсээд байгаан, амьдралын гол зорилго утга учир начирыг тунгаан бодож бодлыг бол гашраана даа.

Зиак энэ бол зөвхөн миний харсан, дуулсан, мэдэрсэн хэдэн зүйлс байлаа. Энэ сэдвээр хүмүүс зөндөө бичсэн байдаг. Бичсээр ч байх байх. Үеийн үед нэгээрээчүүл байсаар ч ирсэн. Байх ч болноо.

Thursday, May 28, 2009

Алиа хошин зүйл амьдралд байхым даа

2009 оны 05-р сарын 28, Нийтэлсэн barbie
кккк
Саяханы нэгэн өдөр ажлаа эрт тарчаад замаараа бага сага хоол хүнс цуглуулаад гэртээ харилаа. Хоол хийнгээ бодлоол доо. Ганцаараа хоолоо идэх гэсэн орох шинжгүй санагдаад 10-н хуруугаа ажилуулан мэссээжээр нэг найз залуугаа хамт хооллонгоо буу халья гэж урилаа. Тэр залуу надад маш их таалагддаг ч бидэнд дотносож болохгүй нэг шалтгаан байдаг юм. Окей докей гээл удахгүй очилоо ингэжийнэ. Дуу аяланхан хоол хийгээл бас нэг халти үерхэх гээдайгаа залуутайгаа мэссэжлээл.
Хаалганы хонх дин дон. Залуу хүрээд ирлээ. Надад зайрмаг өөртөө пиав авчирсан байлаа. Хоол ч ок. Хооллонгоо дэлхийн дулаарал энэ тэр бла бла. Лайтай чухал сэдвүүдээр ярилцаал гэм хоргүй харцаар 2 биенээ ширтээстэй. Хоолны дараа буйдан дээр хамт сууж зурагт үзэнгээ би зайрмаг долоож, залуу пиав шимнэ. Зурагтаар хаа хамаагүй сонгуулийн тухай гаржийгааг үнэн шимтэн үзжийна гэж. Буйдангийн 2 буланд салаад сууцан 2 этгээд зай бариад байгаам уу хаашаан хахаха. Ам хуурайгүй 9-н шидийн юм яриастай.
Миний утас жин жин. Мэссээж ирлээ. Үерхэх шахаад байгаа залуугаас:
-Юу хийжийн даа. Ганцаараа байна уу гэнэ. Үнэнгээ л хэллээ. Нэг найз ирсэн хамтдаа хооллоод одоо буу халаад суужийна гэлээ. Удалгүй дахиал л мэссээж.
-Найз чинь эрэгтэйм үү? гэнэ. Худлаа хэллээ. -Үгүй ээ эмэгтэй. Дахиал мэссээж.
-Тэгүүл би одоо очилоо гэдийм даа. Дотроо ааааа гэж орилоол тэгоо тэг гэж хариу бичлээ.
Тэгсэнээ гаднаа юу ч болоогүй үнэн тайван царайлаал аажуухан босоод л угаалгын өрөөнд ороод найз охин руугаа залгаад наасан. Хүүе л дээ энэ чинь би чинь яахым дээ. Нөгөөх чинь ирлээ гээдайнаа. Би энэ хүнийг ямар одоо яв даа гээд хөөлтэй биш. Яаджийхад эмэгтэй найз гээд хэлцэн. Чамайг байгаа гээд хэллээ шүү. Тэгүүл ирэхгүй гээл далан булчирхайгаа тоочоод наасан хахаха. Үерхэх магадлалтай залуу найз охиноос минь жаахан жийрхдэг гэхүү дээ ккк. Яриж байхад мэссээж ирж сонсогдлоо. Гэрээсээ гаржийна гэжийгаа байх гээл унштал
-Ажил дээрээ байноо. Чамайг шалгасын гэсэн байдаг байна шт. Муу мэдрэл хог, зэвүүн амьтан гээд аймаар уур хүрсэнч өөрийгөө шоолон бодох бодол илүү хүчтэй байсан тул нүүрэндээ баясал тодруулан буцаж ирж суугаад яриагаа үргэлжлүүлсэн юм.
Залуу бид 2-н ярьж байгаа зүйл яахав дээ сонин биш. Гол нь хэн хэнийх нь харц хахаха. Ямар нэгэн юм хийхийг маш их хүссэн харц. Гэхдээ л би лав хуруугаа ч хөдөлгөж чадахгүй харцаараа л чи ямар нэгэн юм хийгээч. Би удкуу албан ёсны үерхдэг залуутай болчино штээ. Хожимдон бүү гэмшээрэй гэж хэллээ.
Тэр ойлгосон үгүйг бүү мэд. Цаг явсаар л. Бид бодож байгаагаасаа шаал өөр юм ярилцсаар л. Орой ч боллоо. Залуу явахаар бослоо. Би яаж ч чадсангүй. Баяртай сайхан амраарай. Хаалгаа хаачихаад налж зогсонгоо араас нь дуудах уу яах уу гэж бодлоо. Даанч бие минь надад захирагдаагүй. Дэмий л дотроо чи нээрээ яацын бээ. Чоно үүрэндээ өлзийтэй гэж үнэн л үгийн байна гэж үглэн зогслоо.

Thursday, May 21, 2009

....

Тэр надад хайртай гэсэн
Би хайртайгаа хэлсэнгүй
Тэр намайг санасан гэсэн
Би сэтгэлдээ л хэлсэн бичас гэж
Тэр нүдэнд минь дуртай гэсэн
Би дотроо чиний бүх зүйлд дуртай гэж хашгирсан
Тэр ямар нэг юм хэлээч гэхэд
Би утсаа тасалсан
Тэр надад гомдсон
Би харин өөртөө л гомдсон
* * *
Янагаа санахад
Зүс гундана
Зүрх мэгшинэ
Зүүд хулжина
Янагаа санахад
Гуниг амтагдана
Гэр эзгүйдэнэ
Гомдол цухалзана
Янагаа санахад
Хайр өндөлзөнө
Хагацал хашигчина
Харуусал сүүмэлзэнэ

Monday, May 18, 2009

Би буруугүй ээ /Морин тойруулгад болсон явдал/

Яармагын дэнжид байх морин тойруулгад морин уралдаан болжийно. Нэг сайхан хул азарга хамуутай хар даагатай уралдаад. Хөөрхий тэр муу даага их муу унаачтай юмаа чааваас. Аль газрын овон довон үлийд идэгдсиймуу гэмээр энхэл донхолтой газраар нь давхиал бүдчээл. Яаджийхад хэн нэгэн хүн замд нь зажилсан бохио тавьчиж.
Тэрүүн дээр нь галтираал годройтоол унахын. Унаач нь унаж унагаж сурсан бололтой босч ирээл гүйж очиж нөгөө муу даагыг өшигчиж босгоол унаал давхихийн. Догонцон өцөгнөөл даага нэг муу яваадайхымаа. Үзэгч түмэн даагыг шоолоод элгээ хөштөл инээлдэн хөхрөлдөөд.
Сайхан хул азарга ч яахуу дэл юүгээн намируулаал давхиал байна. Унаач нь их маадгараа. Тойруулга тойрон давхиулангаа нүүрэндээ смайл тодруулаал азарганыхаа амыг татан алхуулж нтр. Үзэгч түмнийг байлдан дагуулжийна гэж найгүй. Бартаат замаар уралдахын гэнээ тэгсэн. Хөөрхий муу хамуутай хар даага яахуу заримыг нь тойроол, доогуур нь шургаал нэг муу уралдмар аядана.
Азарга ч яахав сайхан сунаж харайгаал бартааг үл тооно. Тэгсэн чинь нүднийх нь буланд хэсэг өвс харагдаадахаж. Ойрд сойлгоод юм идээгүй. Үнэгүй өвс үмхчих санаатай унаачтайгаа ам булаалдан зүтгэж байгаад бартаад замд галбирын галтиргаа хийгээд тас гэдэргээ саваад унаж байгаам даа. Хөөрхий тэгээд босч чадахгүй тийчигнэн хэвтээл маадгар уяач яахаа мэдэхгүй дэмий тойрч гүйгээд. Өшиглөөд босгох ч ухаангүй.
Үзэгчид олон суудлаасаа огло харайн босцгоогоод үүүү үүү. Азарганд бооцоо тавигсад "Болъёооо" гэж орилолдоод би сэрэв. Энэ зүүд биш л дээ. Чухам энэ чинь юу болоодайгаам бээ. Энэ улс төр сонгуулийг бодкуу нервтэхгүй байя гэхээр намайг оролдоод байна. Зурагт асаана "Шударга л байцгаая л даа" гээл. Гадаа гараад явна хаа сайгүй далд утгатай үгнүүдтэй уриа лоозон. Ажил дээр ч атуусанд ч "Өөрчлөх үү яах уу ?"гэсэн үгс.
Залхжийнэ штээ. 00-д ч тайван суулгахгүй гэрийн үүд хаалга тогшоод. Очоод онгойлгохоор нэг хэрэгт дуртай баагий саналаа хэнд өгөхийн гээд. Чамд ямар хамаатайн гэхээр зүгээр л судалгаа шт гэх шиг. Сүүлдээ бүр давраад гар утас руу залгаад. Хэнд саналаа өгөхөө хэнээр ч заалгамааргүй байна шт. Намайг ингэж залхаажийгаад сонгууль өгүүлэхгүй шантраах шинжтэй.
Харинчиг нэг хар үүрээр босч очоод оочерлож байгаад өхийм шүү. 5.24-с өмнө энэ янзаараа бол мэдрэл минь аймаар муудчих гээд ямар сайндаа Баабар ахын номыг уншин баабаржин өөрийгаа мотордхов дээ. Муу ахынхаа хөрөг зургийн олоод ханандаа хадчихиймсан. Хааяа нэг мэндэлчээл элийрмээр санагдсан үедээ өөдөөс нь харж суужийгаал мэтгэлцээд л. Та нэг юм хэлээч дээ гэхээр өөдөөс олон олон юм өгүүлсэн харцаар хараад л.
Миний амьдралд энэ сонгуулиас хамаарах маш олон зүйл байна. Улс эх орон, үр хүүхэд нтр гэж бүлт бүлт үсрээ яахуу. Өглөө 9.00-д очоод суудаг ширээтэй байх уу гүй юу гэдэг маань сонгуулиас 100 хувь хамаарах болчоод байна. 5.25-с гудамжинд лааз өшиглөөд гүйх үү эсвэл нөгөө муу ширээндээ суугаад ямбий компүүтрээ асаах үгүйг би мэдкүүм даа. Эсүүл хамаг юм үнэгүй болоод хүмүүс үнэгүй юм хэрэглэж доошоо орохгүй гээд нүцгэн гүйлдэцгээхийн болов уу.
Ямартаа ч зүрх минь зогсож тархи минь гацахгүй бол би эрхээ эдлэж сонгуулиа өгнө. Өгөх өгөхдөө хамуутай хар даагандаа өгнө. Харин ийм гачин юм бичсэнд би буруугүй ээ. Тэднүүс хэнүүс мэдрэлээр минь наадаад байхаар биччихлээ. Хөндий хуванцарт баймааргүй их юм бодогдуулаад бачууруулаад байхаар нь биччихлээ. Дахин хэлье. Би буруугүй ээ.