Wednesday, August 19, 2009

Зун

Инээд хөөр , амралт аялал. Өглөөний наранд өвсний шүүдэр хатхаас өмнө босч хөл нүцгэн тал дундуур алхангаа өнгөлөг сайханд чинь нүдээ хужирлана. Горхины шоржигнон урсах чимээг сонсон өвсөн хивсэн дээр чинь тэрийгээд амандаа дуу аяланхан хөх тэнгэрийг ширтэн хэвтээд л баймаар. Ааруул тарагханаар ходоодоо дүүргээд шилбүүр барин хурга тугал эргүүлэн гүймээрч юм шиг хэхэ

Бөгчим хотоос зугтан голын эрэг дээр майханаа шовойлгочоод хүйтэн шар айраг шимээд сэр сэр үлээх өвсний үнэрт салхинд мансууран хурц наранд шарагдан тас хар болтлоо усанд тонгочмоор. Үдэш нь түүдэг тойрон суугаад хөгжилдөн дуулалдмаар ай сайхан зун минь.

Зуслангын цэнгэг агаарт нам цохиулаад байшингын сүүдэр даган гудсаа чирээд өдөржин шөнөжин маанагтатлаа унтаал баймаар. Санаа нийлсэн хэдэн нөхөдтэйгээ үүргэвчээ үүрээд тэртээ холын уулс, тэрний цаадах нуур бас хөдөө талаар аялахаар гэнэт гараад явчмаар. Нозоором халуунаас чинь зугтан ойд орж суугаад шоргоолжний үүрийг ажиглаад энд тэнд модоор хатган дүрсгүйтмээр.

Үер болохгүй л бол өдөржин шөнөжин ширүүн бороо цутгасан ч яахав дээ. Өглөө сэрээд чийглэг агаарыг цээж дүүрэн амьсгалангаа үзэн яддаг ч эрвээхэй шавьжнууд нисэлдэхэд би баярладагаа. Харшил өгдөг хамба шарилж ургадгүй байсан бол хамгаас сайхан улирал гэж чамайг нэрлэх л байлаа.

No comments:

Post a Comment