Wednesday, August 19, 2009

Намар

Намрын хүйтэн бороо олон өдөр зүсэрлээ. Шаргалхан навчсаа гөвж байгаа модод нэгийг өгүүлж дуусаад гуниглан тэргүүнээ гудайлган суудаг аавыг минь санагдуулна. Жил жилийн намарт би дуртай. Дулаахан зун дуусашгүй биш шүү гэдгийг намрын анхны хяруу надад сануулдаг. Хавар ирэхэд би зуныг хүсдэг. Намар ирэхэд харин би өвлийг хүснэм.

Өнгөөр өнгөөр алаглах үнэр анхилуун цэцэгсээр өөрийгөө чимэглэж байсан үзэсгэлэнт бүсгүй гоёлоо тайлан энгүүн болох шиг намараа гэж. Эргэх дөрвөн улиралд ирж буцаж байдаг хайрын түүхийг намар ч бас хамт бичилцэнэ. Оройн сэрүүнд халуун гараа атгалцан жиндээх салхийг чинь үл ажиран хосууд гудамжаар алхална. Ганцаардан гунигласан нэг нь чиний нам жим, налгарт автан өнгөрсөнийг эргэцүүлэн бодлогширно.

Уулсын оройд хөшиглөх цэнхэр мананг хархаар сэтгэл гэгэлзэн шүлэг хэлхмээр . Хотын гудамжинд хүмүүс цаанаа л нэг яаруухан алхацгаана. Өвөл удахгүй ирнэ гэсэн чиний дохиог бүгд авцгаан түүнд бэлтгэж эхэлдэг нөр их ажлын улиралаа. Боловсорч гүйцсэн жимсний чихэрлэг амт аманд амтагдаж, үр тариа,ургац хураалт гэсэн үгс чих дэлсэнэ. Зунжин борви бохисгүйлгүй хөлсөө урсагсаны үр шимийг хүмүүст харамгүй өгдөг чи баян, өгөөмөр улирлаа.

Голын ус зайрмагтан өглөө үдшийн чинь жавар хацрыг хайрч эхэллээ. Гуравхан сар дэндүү хурдан өнгөрөх юм даа. Чи чимээгүй ирсэн шигээ анхны цаснаар чимээгүй яваад өгнө.

No comments:

Post a Comment