Tuesday, August 25, 2009

Уучил үр минь

Би чам дээрээ очихоор алхална. Байрны гадаах савлуур дээр ганцаараа чи минь сууж байлаа. Чиний цөхөрсөн харц, гунигтай байдлыг харахад хамаг итгэл найдвараа алдсан мэт. Одоо чи минь дөнгөж зургаахан настай шүү дээ. Би өөрийгөө ийм алдаа гаргасандаа хэзээ ч уучлаж чадахгүй нь. Намайг ирж буйг олж харан чи минь гүйн ирж тэврүүлэн үнсүүлээд гараас минь хөтлөн алхангаа олон зүйлийг шулганан ярьж эхлэдэг. Энэ үед чамайгаа орхисондоо өөрийгөө маш ихээр үзэн яддаг.
Тэр нэг өвлийн үдэш өвдсөндөө болон солиорох шахан, үсэрч босоод гүймээр байсанч үр минь гэмтчих байх гэж бодон шүдээ зуун эмнэлэгийн орон дээр дусал залгаастай хэвтэж байсан саяхан мэт. Түрхэн зуур өвдөлт намдахад цантаж цайрсан цонх руу хартал хэдийнээ харанхуй болчиж. Эмч байн байн ирж үзэх боловч болоогүй байна л гэнэ. Тэр үед ээжийгээ ямар агуу хүн байсаныг хагас хугасхан ойлгож мэдэрч байжээ.
Үхэхэд, төрөхөд мэдрэх мэдрэмж үнэндээ адилхан байх гэж надад бодогдсон. "Хүү гарлаа" гэх эмчийн дуугаар сэхээ орон амьсгал авч нүдээ нээхэд нэг жижигхээн улаан хүн арвалзан харагдаж часхийтэл уйлах нь сонсогдоно. Надад тэр үед "Ээжээ, ээж минь" дээ гэхээс өөр юу ч үл бодогдоно.
Үр минь өдөр өдрөөр өнгө зүс нь өөрчлөгдөн, өсөн торнисоор нэгэн өдөр ээжээ гэж дуудахад нь баярласандаа энгэртээ чамайгаа чанга тэврэн үнсээд дахин дахин ээжээ гэж хэлүүлээл . Шөнө дунд хөнжилөө тийрэн яргалахад чинь би сэрэн хучлагыг чинь засаад шанаагаа тулан хулжсан нойроо иртэл чамайгаа ширтэн хардаг байсан. Унтах нойроноо үнэгчлэн инээхэд чинь тийм гэж хэлэхийн аргагүй их хайр сэтгэлд минь лугшин булигладаг байсаан.
Байсаан байсан л гэж бичхээс өөр арга надад алга даа. Хүйтэн сэтгэлтэй богино ухаантай ээж чинь амьдралын нугачаанд бүдэрч шантрахдаа чамайгаа зүгээр л орхиод явчихсан. Амралтын хоёрхон өдрийг хамтдаа хүүтэйгээ өнгөрүүлдэг ээж хмм. Чамтайгаа хамтдаа байхдаа сайхан байлгах гэж хичээсэн өдрүүд, өөрийгөө зүхэн нүдээ хавдтал уйлан хоносон шөнүүд бас байсаан.
Хүргэж өгөөд хаалгаар гарах тэр үед гүйж ирж хөлнөөс минь зууран явуулахгүй гэж уйлагнан зуурхад чинь эцэгт чинь тэврүүлэн үлдээж байсаан чамайгаа. Өөрийнхөө гаргаж байгаа хүйтэн хатуу байдлаа үзэн ядаж сэтгэлдээ шаналан чимээгүйхэн уйлдаг байсаан.Тэр үед би залуухан бас ядруухан байж дээ. Хэнээс асуухаа ч мэдэхгүй ганцаардан шаналсан ч бүгдийг эхнээс нь эхлэх, чамайгаа орхин явах тэнэг зоригтой байж.
Одоо чи минь жижигхэж хэрнээ хэрсүүхэн бодолтой хүн болчиж. Надаас яагаад хамт байж болохгүй гэж, яагаад яагаад гэж асуухаа байж.
Хамтдаа байх хугацаандаа надад санаа тавьж халамжлах гэдэг болж. Аль болох надад сайхан байлгаж хамт байх хугацаагаа болж өгвөл уртасгах гэж хичээхийг чинь хараад харамсал гэмшилдээ дотор бачууран өөрийгөө зүхнэм. Тэнэг зоригтой байхдаа бардамханаар эцэгт чинь амласан амлалт, хэлсэн хэдэн үгс одоо намайг чамайгаа авахад надад садаа болж байна.
Үр минь намайг уучлахгүй байсан ч яахав дээ. Хийсэн муу үйлийнхээ гэмийг наминчилж чинийхээ ирээдүйн сайн сайхны төлөө бүхнээ зориулан амьдрах л үлдэж. Би хүчтэй бас ухаантай байх ёстой. Муу байвал хүү минь зовно. Ээж нь уучлал гуйн бичсэн энэ бичлгээ 25 нас хүрэхэд чинь чамдаа илгээх болноо. Надаас тасран унасан тэр мөчөөсөө эхлэн надад ухаарал хайрласан үр минь ээжийгээ уучил. 2009.08.25

No comments:

Post a Comment