Sunday, August 30, 2009

Hello

Нэгэн гунигтай дуу би сонсоно. Намар надад бөөн бөөн бодол бас гуниг авчирчиж. Хэн нэгнийг үгүйлэн санаад байх шиг. Хэдэн муусайн найзуудаа санаж байна. Холын холд байгаа гэж бодхоор бүүр их санаж байна. Хамтдаа хөтлөлцөөд гүйж байсан гудамж, арай томхон болчоод уулзан суудаг байсан цайны газарын хажуугаар өнгөрөх бүрдээ би санаа алдан та нарыгаа санаж байна. Нэг л өдөр бүгд хэдэн тийшээ тараад явчихсан.
Одоо харин би ганцаараа үлдээд та нарыгаа дурсан санан суух юм даа энд.
Өөрт байгаа бүхнээ та нартайгаа хуваалцахгүй бол байж чаддаггүй байж билээ. Баяр гуниг аль бүгдийг минь хуваалцан, амьдралын хамгийн хатуу хүнд бэрхийг даван туулахад түшиг тулгуур минь болсон найзууд минь. Нэгэн өдөр хаалгыг минь тогшоод инээлдсээр гэрт минь орж ирэх байх гэж би хүлээсээр л сууна. Он цагын эргэлт биднийг нэг холдуулж нэг ойртуулна.
Айж эмээх зүйлгүй гэнэн зоригоороо их олон зүйлийг бид хамтдаа хийдэг байж билээ. Анхны үерхэл , анхны үнсэлт, анхны шөнийн тухай ам нээж та нартаа л итгэж ярьдаг байж билээ. Одоо гэтэл гуниг зовлонгоо сэтгэлдээ шингээгээд дотогшоо уйлдаг нэгэн болжээ. Алсаас утасны дуудлага ирэхэд амар мэндээ мэдэлцээд нөгөө л жижүүрийн хэдэн үгээ хэлээд сэтгэл дэхь гунигаа нуусаар өнгөрнө.
Биес холдуул сэтгэл холдоно гэдэг үгийг одоо л ойлгох шиг. Зүү орох зайгүй хэдэн найзууд хэлхэлдээл, уулзалгүй нэг өдөр өнгөрвөл дотор давчдан та нарыгаа санадаг байсансан. Нартай сайхан нэгэн өдөр та нарыгаа ирхээр найз нь хүлээж бас санаж байсанаа хэлээд уйлж магадгүй ээ. Эсвэл хөшүүн зан гаргаж хөхөрч инээлгүй чимээгүй сууж ч магад. Ойлгоорой. Цаг хугацаа өнгөрч царай зүс нь өөрчлөгдсөн ч цаад сэтгэл нь хүүхэд зангаа гээгээгүй багын хэвээрээ л байгаа шүү та хэдийгээ хүлээн сууж байгаа шүү гэдгийг минь битгий мартаарай.

Tuesday, August 25, 2009

Уучил үр минь

Би чам дээрээ очихоор алхална. Байрны гадаах савлуур дээр ганцаараа чи минь сууж байлаа. Чиний цөхөрсөн харц, гунигтай байдлыг харахад хамаг итгэл найдвараа алдсан мэт. Одоо чи минь дөнгөж зургаахан настай шүү дээ. Би өөрийгөө ийм алдаа гаргасандаа хэзээ ч уучлаж чадахгүй нь. Намайг ирж буйг олж харан чи минь гүйн ирж тэврүүлэн үнсүүлээд гараас минь хөтлөн алхангаа олон зүйлийг шулганан ярьж эхлэдэг. Энэ үед чамайгаа орхисондоо өөрийгөө маш ихээр үзэн яддаг.
Тэр нэг өвлийн үдэш өвдсөндөө болон солиорох шахан, үсэрч босоод гүймээр байсанч үр минь гэмтчих байх гэж бодон шүдээ зуун эмнэлэгийн орон дээр дусал залгаастай хэвтэж байсан саяхан мэт. Түрхэн зуур өвдөлт намдахад цантаж цайрсан цонх руу хартал хэдийнээ харанхуй болчиж. Эмч байн байн ирж үзэх боловч болоогүй байна л гэнэ. Тэр үед ээжийгээ ямар агуу хүн байсаныг хагас хугасхан ойлгож мэдэрч байжээ.
Үхэхэд, төрөхөд мэдрэх мэдрэмж үнэндээ адилхан байх гэж надад бодогдсон. "Хүү гарлаа" гэх эмчийн дуугаар сэхээ орон амьсгал авч нүдээ нээхэд нэг жижигхээн улаан хүн арвалзан харагдаж часхийтэл уйлах нь сонсогдоно. Надад тэр үед "Ээжээ, ээж минь" дээ гэхээс өөр юу ч үл бодогдоно.
Үр минь өдөр өдрөөр өнгө зүс нь өөрчлөгдөн, өсөн торнисоор нэгэн өдөр ээжээ гэж дуудахад нь баярласандаа энгэртээ чамайгаа чанга тэврэн үнсээд дахин дахин ээжээ гэж хэлүүлээл . Шөнө дунд хөнжилөө тийрэн яргалахад чинь би сэрэн хучлагыг чинь засаад шанаагаа тулан хулжсан нойроо иртэл чамайгаа ширтэн хардаг байсан. Унтах нойроноо үнэгчлэн инээхэд чинь тийм гэж хэлэхийн аргагүй их хайр сэтгэлд минь лугшин булигладаг байсаан.
Байсаан байсан л гэж бичхээс өөр арга надад алга даа. Хүйтэн сэтгэлтэй богино ухаантай ээж чинь амьдралын нугачаанд бүдэрч шантрахдаа чамайгаа зүгээр л орхиод явчихсан. Амралтын хоёрхон өдрийг хамтдаа хүүтэйгээ өнгөрүүлдэг ээж хмм. Чамтайгаа хамтдаа байхдаа сайхан байлгах гэж хичээсэн өдрүүд, өөрийгөө зүхэн нүдээ хавдтал уйлан хоносон шөнүүд бас байсаан.
Хүргэж өгөөд хаалгаар гарах тэр үед гүйж ирж хөлнөөс минь зууран явуулахгүй гэж уйлагнан зуурхад чинь эцэгт чинь тэврүүлэн үлдээж байсаан чамайгаа. Өөрийнхөө гаргаж байгаа хүйтэн хатуу байдлаа үзэн ядаж сэтгэлдээ шаналан чимээгүйхэн уйлдаг байсаан.Тэр үед би залуухан бас ядруухан байж дээ. Хэнээс асуухаа ч мэдэхгүй ганцаардан шаналсан ч бүгдийг эхнээс нь эхлэх, чамайгаа орхин явах тэнэг зоригтой байж.
Одоо чи минь жижигхэж хэрнээ хэрсүүхэн бодолтой хүн болчиж. Надаас яагаад хамт байж болохгүй гэж, яагаад яагаад гэж асуухаа байж.
Хамтдаа байх хугацаандаа надад санаа тавьж халамжлах гэдэг болж. Аль болох надад сайхан байлгаж хамт байх хугацаагаа болж өгвөл уртасгах гэж хичээхийг чинь хараад харамсал гэмшилдээ дотор бачууран өөрийгөө зүхнэм. Тэнэг зоригтой байхдаа бардамханаар эцэгт чинь амласан амлалт, хэлсэн хэдэн үгс одоо намайг чамайгаа авахад надад садаа болж байна.
Үр минь намайг уучлахгүй байсан ч яахав дээ. Хийсэн муу үйлийнхээ гэмийг наминчилж чинийхээ ирээдүйн сайн сайхны төлөө бүхнээ зориулан амьдрах л үлдэж. Би хүчтэй бас ухаантай байх ёстой. Муу байвал хүү минь зовно. Ээж нь уучлал гуйн бичсэн энэ бичлгээ 25 нас хүрэхэд чинь чамдаа илгээх болноо. Надаас тасран унасан тэр мөчөөсөө эхлэн надад ухаарал хайрласан үр минь ээжийгээ уучил. 2009.08.25

Wednesday, August 19, 2009

Намар

Намрын хүйтэн бороо олон өдөр зүсэрлээ. Шаргалхан навчсаа гөвж байгаа модод нэгийг өгүүлж дуусаад гуниглан тэргүүнээ гудайлган суудаг аавыг минь санагдуулна. Жил жилийн намарт би дуртай. Дулаахан зун дуусашгүй биш шүү гэдгийг намрын анхны хяруу надад сануулдаг. Хавар ирэхэд би зуныг хүсдэг. Намар ирэхэд харин би өвлийг хүснэм.

Өнгөөр өнгөөр алаглах үнэр анхилуун цэцэгсээр өөрийгөө чимэглэж байсан үзэсгэлэнт бүсгүй гоёлоо тайлан энгүүн болох шиг намараа гэж. Эргэх дөрвөн улиралд ирж буцаж байдаг хайрын түүхийг намар ч бас хамт бичилцэнэ. Оройн сэрүүнд халуун гараа атгалцан жиндээх салхийг чинь үл ажиран хосууд гудамжаар алхална. Ганцаардан гунигласан нэг нь чиний нам жим, налгарт автан өнгөрсөнийг эргэцүүлэн бодлогширно.

Уулсын оройд хөшиглөх цэнхэр мананг хархаар сэтгэл гэгэлзэн шүлэг хэлхмээр . Хотын гудамжинд хүмүүс цаанаа л нэг яаруухан алхацгаана. Өвөл удахгүй ирнэ гэсэн чиний дохиог бүгд авцгаан түүнд бэлтгэж эхэлдэг нөр их ажлын улиралаа. Боловсорч гүйцсэн жимсний чихэрлэг амт аманд амтагдаж, үр тариа,ургац хураалт гэсэн үгс чих дэлсэнэ. Зунжин борви бохисгүйлгүй хөлсөө урсагсаны үр шимийг хүмүүст харамгүй өгдөг чи баян, өгөөмөр улирлаа.

Голын ус зайрмагтан өглөө үдшийн чинь жавар хацрыг хайрч эхэллээ. Гуравхан сар дэндүү хурдан өнгөрөх юм даа. Чи чимээгүй ирсэн шигээ анхны цаснаар чимээгүй яваад өгнө.

Зун

Инээд хөөр , амралт аялал. Өглөөний наранд өвсний шүүдэр хатхаас өмнө босч хөл нүцгэн тал дундуур алхангаа өнгөлөг сайханд чинь нүдээ хужирлана. Горхины шоржигнон урсах чимээг сонсон өвсөн хивсэн дээр чинь тэрийгээд амандаа дуу аяланхан хөх тэнгэрийг ширтэн хэвтээд л баймаар. Ааруул тарагханаар ходоодоо дүүргээд шилбүүр барин хурга тугал эргүүлэн гүймээрч юм шиг хэхэ

Бөгчим хотоос зугтан голын эрэг дээр майханаа шовойлгочоод хүйтэн шар айраг шимээд сэр сэр үлээх өвсний үнэрт салхинд мансууран хурц наранд шарагдан тас хар болтлоо усанд тонгочмоор. Үдэш нь түүдэг тойрон суугаад хөгжилдөн дуулалдмаар ай сайхан зун минь.

Зуслангын цэнгэг агаарт нам цохиулаад байшингын сүүдэр даган гудсаа чирээд өдөржин шөнөжин маанагтатлаа унтаал баймаар. Санаа нийлсэн хэдэн нөхөдтэйгээ үүргэвчээ үүрээд тэртээ холын уулс, тэрний цаадах нуур бас хөдөө талаар аялахаар гэнэт гараад явчмаар. Нозоором халуунаас чинь зугтан ойд орж суугаад шоргоолжний үүрийг ажиглаад энд тэнд модоор хатган дүрсгүйтмээр.

Үер болохгүй л бол өдөржин шөнөжин ширүүн бороо цутгасан ч яахав дээ. Өглөө сэрээд чийглэг агаарыг цээж дүүрэн амьсгалангаа үзэн яддаг ч эрвээхэй шавьжнууд нисэлдэхэд би баярладагаа. Харшил өгдөг хамба шарилж ургадгүй байсан бол хамгаас сайхан улирал гэж чамайг нэрлэх л байлаа.

Шив шинэхэнээр

Бүхийл зүйлс цагын эрхэнд хуучирч элэгдэн үеэ өнгөрөөдөг. Өнөөдөр сайхан санагдсан зүйлс маргааш нь утгагүй инээдтэй санагдах үе ч байхын. Бүдэрч унаад өвдсөндөө өөрөө өөртөө уурлан бухимдаж байсанаа гэнэт мэдрээд инээд асар их хүрч ганцаараа инээхүйд хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс гайхан харан хоцорно ард минь.

Бодлоосоо зугтан амь дүйж амьдарсанаа жаргал хэмээн эндүүрхүй дор амьдрал минь үнэгүйдэж сэтгэл хоосрон гунигладаг. Бусдын мөрөөдөлийг мэдрэн атаархаж өөрийнхөө мөрөөдлийг өчүүхэн хэмээн чамлаж өнгөрсөнтэйгээ зууралдах гутамшиг. Өнгөрсөн бүхэн өнгөрсөндөө л үлдэг.

Гэрэл гээгээ рүү тэмүүлэн урагш ахлах бүрт цэцэглэн ургах мод шиг амьдрал минь дэлгэрэн би нисэн дүүлэх мэт болж сэтгэл болон биеэр минь баяр хөөр, итгэл найдварын илч халгин цалгина. Өөрчлөх өөрчлөлт хийх ийм амархан гэж үү.

Итгэмээргүй юм. Гэхдээ итгэ найд. Түүнийхээ төлөө зүтгэ хичээ.
Дэлхий эргэдгээрээ эргэсээр л. Амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ. Харин би мөрөөдөлдөө хүрхээр өөрийгөө өөрчлөж байна. Шил арчигчаа сайн ажилуулаад бүгдийг шив шинэхэнээр.