Thursday, December 1, 2011

Би мэднэ /хожимдсон бичлэг/

Зуны хурц нар хамаг биеийг үнсэн таалах шиг нэг л тийм таатайхан мэдрэмж төрүүлнэ. Гүн хөх далай руу ширтэн суухад далай  дээр ойсон гэрэл шигтээ адил гялтагнан миний нүдийг баясгана. Хааяахан зөөлөн салхи надруу нисэн ирж үсийг минь хийсгэнэ. Дулаахан элс халуун нар дээр доороос тэвэрч өлгийтэй хүүхэд шиг намайг бүүвэйлнэ. Нүдээ онийлгон алсын барааг харахыг оролдоход тэртээ алсад  хөвөх хөлөг онгоц тэнгэр тэнгис хоёрын завсараар цайвалзан харагдана.
Зун, зун гэхээр сэтгэл нэг л тэнүүн энэ чигтээ энэ зунжин энд хэвтчихмээр санагдана. Далайн чийглэг үнэр нозоорсон халууныг дарж хааяа сэнгэнэнэ. Чиний хэвтэж байсаны ул мөр болох хонхойн биеийн чинь хэвийг авч үлдсэн элс л надад харагдав. Хаачив хэмээн бодоод эргэн тойрныг гүйлгэн хартал зайрмагны бүхээгт тэрэгнээс гартаа миний дуртай ванилтай зайрмагыг барьчихсан наранд түлэгдээд улайчихсан амьтан байдагаараа инээчихсэн ирж байгаа харагдав.
Хажууд ирж суугаад инээсэн хэвээрээ зайрмаг өгөхөөр гараа сунгасан тэр мөчийн зургийг тархиндаа би тодоос тод авчээ. Бүх зүйл зүгээр л энгийн. Ямар нэгэн худал маяг үгүй. Чиний үс нарны гэрэлд бор шаргал харагдана. Өвөл болхоор бараан хүрэн бор л санагддаг байсан. Хамелон үстэй гэж бодоод ганцаараа инээхэд чи гайхан харсан ч юм хэлсэнгүй. Удалгүй чи сийрсэн малгайгаа нүүрэн дээрээ тавиад элсэн дээр хэвтсэн. Унтсан хойно чинь би хөлийг чинь элсээр булж тоглосон. Чи сэрээл гайхсан намайг муу дүрсгүй хог гээд бариж авхаар ухасхийсэн. Би зугтаахыг оролдсон ч  аравч алхалгүй баригдана гэдгээ мэдэж байлаа.
Би зүгээр л жирийн нэгэн залууг мэднэ. Хэрвээ надад хэцүү асуудал тулгарвал миний төлөө байлдана гурван зуу дээр гардаг шиг. Эсвэл жеймс бонд шиг сэмхэн явж очоод тэр тэр бүтэхгүй этгээдийг хашраагаад өгөхсөн гэж мөрөөддөгийг чинь би мэднэ. Ээждээ маш их хайртайг чинь мэднэ. Хөөрхөн хүүхдүүдтэй болоод ааваа гэж дуудуулсан гэж мөрөөддөгийг чинь мэднэ. Заримдаа дотроо шаналсан ч бусдад туслахаар өөрийн гунигаа инээмсэглэлээрээ нуудагыг чинь мэднэ. Би зүгээр л жирийн нэгэн сайхан сэтгэлтэй залууг мэднэ.....

No comments:

Post a Comment